Data

ХАЯГДАЛ УСАН ДАХЬ ХҮНЦЭЛИЙН АГУУЛГЫГ ЦЕОЛИТ АШИГЛАН БУУРУУЛАХ БОЛОМЖ

Хүнцэл, алтны орд газрыг илрүүлэх геологи хайгуулын шатанд илрүүлэх индикатор элемент байдаг тул алт олборлолтын явцад хүрээлэн буй орчин хүнцэлээр бохирдох аюул ямагт нүүрлэж байдаг. Манай орны хувьд, алтны шороон ордыг гар аргаар олборлох, алтны хүдрийг усаар угаах явцалд усан орчинд хүнцэл аль хир хэмжээтэй шилжиж байгааг тогтоох, түүнийг хоргүйжүүлэх асуудал орхигдсоор ирсэн байдаг. Хүнцэл -оросоор мышьяк мышь–оготно, яд-хор “хулганы хор” гэсэн үгнээс гаралтай. Латинаар Arsenic буюу арсен гэдэг. Хүнцэл хэдийд нээгдсэн нь тогтоогдоогүй элемент бөгөөд дан байдалтай хүнцэлийг ХIII зууны дунд үед Германы алхимич Альберт Больштедтский анх гарган авчээ(Трифонов Д.Н., Трифонов В.Д, 1987). Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө: Хүнцэл биологийн идэвхит микроэлемент тул ургамал, амьтны эд, эс, шээсэнд бага хэмжээгээр агуулагдаж, хүн амьтны амьдралын үйл ажиллагааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Организмд хүнцэл дутагдахад гормоны зохицуулга, ферментийн идэвхжил, эдийн амьсгал өөрчлөгдөж, хэт исэлдэлт явагддаг. Хүнцэл илүүдвэл үс унах, хоол боловсруулах эрхтний хямрал, нүдний эвэрлэг бүрхэвч булингартах, хамрын таславч шархлах, хумс хугарамтгай болох, амт, үнэр мэдрэмтгий болох шинж тэмдэг илэрдэг. Хүнцэл элэг, бөөр, дэлүү, уушиг, яс, үсэнд тодорхой хэмжээгэр хуримтлагдан хэдэн жилийн туршид бүрэн ялгардаггүй. Хоруу чанар: Хүнцэл их хэмжээгээр организмд орсноор тионы бүлэг агуулсан ферментүүдийн үйл ажиллагааг зогсоодог. Өөрөөр хэлбэл ,арсен нь хүхэртэй холбогддог(Эрдэнэцэцэг, 2010).Ингэснээр эс, эдийн амьсгал ба хуваагдал зогсдог. Хүнцэлийн бараг бүх нэгдлүүд нь хортой, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй байдаг. Тэр дундаа As(III) болон AsH3 нь маш хортой химийн бодисын ангилалд багтдаг. 0.1 г As2O3 организмд ороход үхэлд хүргэдэг. Хүнцэлийн хүчлийн үхлийн тун 0.15 г, хорын тун нь 0.05 г байдаг . Усан орчноос хүнцлийг бууруулах физик, хими, биологийн аргууд байдаг. Үүнд: химийн тунадасжуулалтын арга, ион солилцлын арга, цахилгаан химийн боловсруултын аргууд, мембран шүүлтийн арга, адсорбцийн арга зэрэг ордог. Энэхүү туршилт судалгаагаар алтны хүдрийг угаахад үүссэн үүсмэл нуурын усанд агуулагдах хүнцэлийн агуулгыг тогтоож, түүний агуулгыг байгалийн цеолит ашиглан бууруулах боломж, адсорбцийн зохистой нөхцлийг тогтоох зорилгоор хийсэн болно.

Data and Resources

Additional Info

Field Value
Author Ц.Эрдэнэцэцэг
Maintainer Renchinbud
Version 1.0
Last Updated November 10, 2022, 10:39 (UTC)
Created November 10, 2022, 10:39 (UTC)